Монголын мянга мянган оюун билэгт залуус бүхэнд зориулав. Та бүхний гэгээн мэлмий тунгалаг байх болтугай.

Monday, November 22, 2010

Дэлхийн сонин содон тэмдэглэлт баяр ёслол 1

Бухтай тулалдах тэмцээн

Бухтай тулалдах тэмцээнгүйгээр Испани орныг төсөөлшгүй. Фиеста Насионал буюу Үндэсний спорт болсон бухтай тулалдах тэмцээнийг манай эриний 711 онд 8-р Алфонсо хааныг хаан ширээнд залахад хүндэтгэн зохион байгуулжээ.
Энэ тулаан анхлан морьд унаж бухтай тулалдах баячуудад зориулагдаж байсан ч ард олонд муу үлгэр дууриал үзүүлж байна хэмээн үзсэн 5-р Филипп хаан тулаанд ихэс дээдсийг оролцохыг хориглосон байна. Энэ хоригоос хойш морьд авах чадваргүй эгэл ардууд тэмцээнийг өөрсдийнхөөрөө үргэлжлүүлэхдээ хөл дээрээ, зэвсэггүйгээр бухтай тулалддаг
 болгон хөгжүүлжээ. Энэ бүх өөрчлөлт 1724 онд
болсон байна. Тулаан хэрхэн явагддаг бол ?


Эхлээд талбайд бухыг оруулна. Матадор буюу бухтай тулалдагч эр өөрийн туслахаа шар , нил өнгөтэй нөмрөгөө бухын өмнө дэвэхийг хардаг. Ингэснээр тулаан эхлэхийн өмнө бухын зан ааш, дүр төрх ямар байгааг олж мэднэ. Улмаар бүрээн дуу хадан Пикадорес хэмээх бухтай тулалдагч хэд хэдэн эрчүүд бухыг 10 орчим минутын туршид өөрсдийн жадаараа хатгаж хүчийг нь сулруулдаг байна. Өөр нэгэн хэмнэлтэй бүрээ дуугарахад матадор хар өдтэй хилэн малгайгаа шидэн ерөнхийлөгч болон цугласан олны фаена буюу өөрийн эр зориг, ур чадвараа батлан харуулах ёстой тулааны хамгийн гайхамшигтай хэсгийг харуулахад бэлэн болно. Энэ нь матадор зүүн гартаа улаан хүрэн өнгөтэй зузаан даавуу унжуулан далдалсан богино жад болох мулеттаг харин баруун гартаа  үхлийн илд болох эспадагаа барин бухын өмнөөс гүйн очих юм. Бухыг өөр лүүгээ дайруулахын тулд матадор мулеттагаа яг өмнөө барьж улангасан ирэх бухыг жадлана. Матадор өөрийн хүч чадлын дээдийг үзүүлтэл фаена үргэлжлэх бөгөөд энэ бүхнийг үзэгчдэд үзүүлж чадсан цагт бухыг алахад бэлэн болно. Матадор мулеттад хатгуулсан бухнаас 10 орчим фит буюу 300 орчим см-ийн зайтай зогсож байгаад урагшаа довтлон бухын эвэр, далны хооронд үхлийн илдээ зооно. Хэрвээ илд гүн зоогдвол эстокадаа болох бөгөөд энэ нь бух тэр даруйдаа үхнэ гэсэн үг. Хэрвээ илд ясанд нь зоогдвол пинкацо буюу бух тийм ч амар үхэхгүй. Энэ тохиолдолд матадор үзүүртээ жижиг хөндлөн хэсэгтэй дескабелло илдийг аван бухын хүзүүнд зоож нугасыг тасалдаг. Ингэж тулаан дуусдаг.
Ерөнхийлөгч матадорыг цомоор, мөн бухтай тулалдсан ур чадвараас шалтгаалан бухын туурай, сүүл, нэг эсвэл хоёр чихээр шагнадаг ажээ. Хурсан олон матадорыг цомоор шагнахыг ерөнхийлөгчдөө уриалан цагаан алчуураар далладаг бөгөөд цомоо авсныхаа дараагаар өөр рүү нь шидэхийг уриалан үзэгчид мөн л цагаан алчуураараа далладаг байна. Матадорыг цомоо шидэхэд тэд хариуд нь цэцгийн баглааг шиддэг уламжлалтай.
Хэдийгээр энэ нь матадорын зүгээс үзэгчдийг баясгах ёстой үхлийн бүжиг боловч нэг л буруу алхам, хөдөлгөөнөөс болж матадор бухын эвэрт зоогдох, гишгүүлэх, улмаар амь насаа алдаж болзошгүй амь өрссөн үзүүлбэр юм.
Судалгаагаар Испанид жил тутам 3-10 сарын хооронд 24000 бухыг нэг сая үзэгчдийн өмнө алдаг учраас энэ тулааныг таашаадаггүй олон испаничууд байдаг.
Тэмцээн болдог цэнгэлдэх 8 хаалгатай, хэний ч өмнө нээлттэй бөгөөд хамгийн эртний цэнгэлдэх Испанийн өмнөд хэсгийн Андалучиа дахь Рондагийн тосгонд уулын оройд байрладаг юм байна. Энд жилийн хамгийн үзүүштэй тулаан болдог бөгөөд тасалбар нь жуулчдад битгий хэл испаничуудад ч олоход амаргүй ажээ.





No comments:

Post a Comment