Усан Үзэмний Баяр
Өмнөд Америкийн Чили Аргентинээс Америкийн Аляска, Колорадо, Португал, Испанийн өргөн талаас Франц, Италийн уудам хөндий, Турк, Ираны халуун бүсээс Хятад, Австралийн их нутагт ургадаг усан үзэм хэмээх жимсийг дээдлэн хэрэглэдэг ард түмэн олон. Жинхэнэ виноны амтыг амталж, олон янзын арга хэмжээ, тэмцээн уралдаан зохион байгуулагддаг усан үзэмний баярыг тэмдэглэдэг 9 сарын сүүлчийн долоо хоногийг мянга мянган хүмүүс тэсэн ядан хүлээдэг.
Усан үзэмний баярыг тухайн бүс нутгийн Ротари клуб ургац хураалтын багтай хамтран зохион байгуулдаг бөгөөд баярын үеэр усан үзмийг гар бие оролцон хураалгаж үзүүлэх, улаан цагаан дарсны хоолтой хослох чанарыг таниулах, шилдэг тогооч нарын халз тулаан, усан үзэм гишгэлэх, усан үзмийн талбайг тойрох, вино хийх уралдаан, шоколад виноны амталгаа, үдшийн зоогийг винотой зохицуулах, дугуйгаар тойрох, жазз концерт тоглох, виноны торх, сав хийдэг уран дархны бүхээгт худалдаа хийх, нэгдүгээр зэрэглэлийн виноны тасалбар хожих зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болдог.
Баярын арга хэмжээний нэг онцлог нь усан үзмээр хийсэн бялууны тэмцээн, наадам юм. Жишээлбэл: Италийн Наполид дэлхийн хамгийн том бялууны тэмцээн өнгөрсөн 9 сард болоход усан үзмээр бялуу хийгчид зөвхөн италиас бус хөрш зэргэлдээх олон орны бялуучид хүрэлцэн ирж, өөрсдийн авьяас чадвараа сорьдог байна. Бялуу нь зуун хувь усан үзмээр гэртээ хийсэн байх шаардлагатай.Баярын үеэр гадуур зарагддаггүй, олоход амаргүй, сайн чанарын ховор виног худалдан авах бололцоо ч танд олдно. Чили, Аргентинд багахан хэмжээний ёслолын парад усан үзмийн баярыг эхлүүлдэг уламжлал байдаг бол Арканзасийн баярын эхний өдөр ирсэн бүх хүнд үнэ төлбөргүй амталгаа, Колорадогийн усан үзмийн баяраар хүүхдүүдэд зориулсан карнавал, Калифорнийн баяраар гудамжаар усан үзэм, виноны амталгаат худалдаа, Австралийн баяраар хар чавгыг винонд дүрж идэх уралдаан, Техасийн баяраар теннисний тэмцээн, дуудлага худалдаа болдог байна.Арга хэмжэээнд оролцогчид 5-8 хүртэлх евро мөн түүнтэй тэнцэх хэмжээний доллар төлөөд баярт оролцож болох ч вино амтлах насанд хүрсэн байх шаардлагатай. Баярын үеэр олсон орлогыг гол төлөв буяны байгууллага, орон нутгийг хөгжүүлэх холбоодод зориулдаг бөгөөд тухайн бүс нутгийн виноны түүхийг харуулсан музей, үзвэрийн газруудыг засварлахад мөн зарцуулдаг ажээ.
No comments:
Post a Comment