Монголын мянга мянган оюун билэгт залуус бүхэнд зориулав. Та бүхний гэгээн мэлмий тунгалаг байх болтугай.

Thursday, November 25, 2010

“Шинэ үе” продакшны жүжигчин МУСТА Н.Ариунболд:

Онгоцны цонхоор доош хараад тээр дор яваа хүн бүхэн нэг нэг зорилготой яваа даа гэж бодохоор их гоё санагддаг
Хүн болгон амьдралынхаа туршид аялал хийж байдаг. Гэрээс сургууль, ажил, үзвэр үзэх, ямар нэг зүйл амжуулах гээд явж байгаа зам бүхэн аялалаар дүүрэн байдаг. Тэрхүү аялал нь бас адал явдалтай, хөгжөөн хөөрөөр дүүрэн, аз жаргал, инээд баяслаар дүүрэн байдаг шүү дээ. Хүн аялал хийхдээ хэзээч уйддаггүй, учир нь тэд шинийг эрэлхийлж, шинэ зүйлийг харж, санаа авч сэдэж, оюундаа нэгийг тунгаан бодож явдаг билээ. За ингээд олон зүйлийг нуршилгүй манай хошин шогч жүжигчдийн томоохон төлөөлөгчдийн нэг болсон МУСТА Н.Ариунболд ахтай тоглолтынх нь өмнө цөөн хором АЯЛАЛ хэмээх зүйлсийн талаар ярилцан сууснаа буулган хүргэж байна.



-Таны ажил, уран бүтээл өндөр гэдэг нь хэн бүхний нүдэнд илт байх юм. Харин таньтай нэг сэдвийн талаар ярилцах гэсэн юм. Тэр нь “аялал”, та хэр аялах дуртай вэ?

Миний ажил чинь тэр чигээрээ уран бүтээл байдаг болохоор чи ингэж ярьж байх шиг байна. Би энэ талаар бодож байгаагүй юм байна. /инээв/ Яагаад гэхээр хүмүүс таарахаараа “за ажил сайн уу? Уран бүтээл өндөр үү” гээд л асууж байдаг. Би ч хариулаад өнгөрдөг. Харин чиний наад бодол чинь их таалагдчихлаа. Урлагийн бид чинь ялангуяа тайз дэлгэцийн уран бүтээлчид бид нарын ажил, уран бүтээл өндөр байна уу, нам байна уу гэдэг хүн болгоны нүдэн дээр ил байдаг юм шүү дээ.
Би аялах дуртай. Жилдээ нэг очиж үзээгүй газраа очихыг боддог. Ер нь хүмүүсийн аман мессэжээр яваад,  өөрөө очоод харьцуулж үзэх их гоё байдаг. Кампужид би нэг найзтайгаа “Үүргэвчтэй аялал” очихоос өмнө очиж байлаа. Бид хоёрын паспортыг үзчихээд “монгол” гээд л их гайхаад байцгаасан. Тэгээд асуусан чинь монголчууд бараг тэнд очдогггүй гэсэн. За тэгээд хөгжилтэй орнуудаас гэвэл Англи, Америк, Ирланд гээд олон газраар явж байсан. Нэг удаа манай уран бүтээлчдийн баг ганцхан сарын дотор Америкийн есөн хотоор тоглолт хийж байлаа. Нийтдээ бараг 10 гаруй нислэг хийсэн байх. Ингэж явахдаа л онгоц гэдгийн гайхамшгийг биширч байлаа шүү дээ.
 

-Хамгийн анхныхаа аялал?  
Хамгийн анхны аялал гэвэл Бээжин л байхдаа. Тэрнээс хойш олон удаа тийшээ явсан даа. Бас л хүмүүсийн аман мессежээр анх явж үзэж байсан.
-Та ямар тээврийн хэрэгслээр аялах дуртай вэ?
 Онгоцоор л их явж байсан даа. Машин гэвэл ланд крузерээр аялах дуртай.  Хурдтай, хүчтэй сайн унаа. Эх орныхоо өнцөг булан бүр рүү л онгоцоор нисэж  байсан. Би онгоцоор нисэж явахдаа заавал экипаж руу нь шагайж хармаар санагдаад байдаг сонин инстинкттэй хүн. Энэ том онгоцыг ямар хүн жолоодож яваа бол гэж бодохоор бүүр цаанаасаа шагайж хармаар санагдаад болдоггүй юм.  Нислэгийн үед араас нь орж мэнд мэдсээр байгаад нисэгч нар намайг гадарладаг болсон байхаа. Нэг удаа морьтой Дундговь аймгийн Их, бага газрын чулуугаар явлаа. Эхлээд сүрхий давхиулаад байсан сүүлдээ буугаад морио хөтлөж алхаад хамаг бие булраад сүрхий юм билээ. Бас дугуйгаар аялж үзсэн. Хятадад явж байтал хүмүүс унадаг дугуй аваад байхаар нь найзтайгаа хоорондоо холбоотой дугуй аваад уналаа. Эхлээд хоёулаа уул, тэнгисийн эргээр сүрхий явлаа. Тэгсэн буцах болсон чинь манай хүн надаас муу жийдэг, өөд ч байсныг чинь хэлэх үү ганцаараа жийгээд сүүлдээ найзыгаа түрээд аялах биш махаа идэж ирсэн. Ядаж  дугуй хөлсөлсөн цаг нь богино байсныг хэлэх үү, тийм амар эд биш юм билээ.  Явган аялалыг бол байнга хийдэг дээ. Явган аялана гэхээр заавал хэдэн өдрөөр явах биш цагаа зохицуулаад жаахан ч гэсэн сайхан байгальд гараад ирэх шиг сайхан юм байхгүй.
-Хамгийн их дурсамж үлдээсэн аялалынхаа тухай?
Америкийн Лас-Вегаст аяласан аялал юм даа. Амбий, Хүрлээ, манай техникч  Ганхуяг бид дөрөв явж байгаад казинод хэдхэн доллартай орж тоглолоо.  Ээлжээр тоглоод нэг нь дуусахаар нөгөөгөө хүлээгээд гараад ирсэн чинь 48 цаг өнгөрчихсөн байсан. Хоёр өдөр бүтэн хөл дээрээ зогсож өнгөрөөсөн байгаа юм даа. Энэ аялал маань хамгийн их дурсамж үлдээсэн. “Universal Рicturеs”,   Холливудын гудамжаар явж байхад их сайхан санагдаж байсан. Жүжигчин, уран бүтээлч хүнийхээ хувьд хаа ч очсон түүхэн дурсгалт болон соёл урлагийн газар, музейгээр явж үздэг. Англид Шексперийн театрыг очиж үзээд “Гишгэж гарсан мөр тоосонд дарагдан балравч, бичиж дуулсан бадаг хүний сэтгэлд үлдэнэ”  гэдэг мөр өөрийн эрхгүй санаанд бууж “агуу уран бүтээлч хүн өөрийнхөө хийсэн бүтээснээр өөртөө том хөшөө үлдээдэг юм байна даа” гэж бодож байлаа. Ер нь аливаа аялалаас ямар нэгэн үр дүн гардаг юм шиг надад санагддаг. Хэдий тэнд очиж стрессээ тайлж байгаа ч гэсэн улс орноо ийм болгох юмсан, байгал дэлхийгээ ингээд аваад үлдчих юмсан гэсэн бодол заавал үлддэг. Бид гадагшаа явахдаа дэлхийн томоохон театрууд тэдний уран бүтээлчдийн зам мөрөөр аялж байгаа гэсэн үг л дээ.

-Энд тэнд явж байхад үүнийг л эх орондоо авч хэрэгжүүлэх, нэвтрүүлэх юмсан гэх бодол их төрдөг юм шиг байна? 
Өө тэгэлгүй яахав. Аливаа юмыг хараад явж байхад Монголд хэрэгжүүлэхэд ойрхон зүйл маш их байдаг. Манай аялал жуулчлалд ч гэсэн тэр. Монголын арьсан, эсгий урлал гээд байдаг, гэтэл өнөөдөр манайд хэдхэн дэлгүүрт л зарж байгаа. Энийг яагаад дэлхийн томоохон улсуудад Монголынхоо нэрээр зардаг дэлгүүрүүд байж болдоггүй юм. Аялал жуулчлалд хүмүүсийг татах гэж, хүмүүс өөрсдөө хөдөлмөрлөж хиймэл зүйлүүдийг хийж байна. Хиймэл хүрхрээ, хиймэл  байгаль гээд л. Гэтэл манайд байгалиасаа заяачихсан юм маш их байна шүү дээ.  Жишээ нь гэхэд л манайхан бензин колонкуудыг зөвхөн бензин түгээдэг газар гэж ойлгодог. Харин гадаадад бүхэл бүтэн соёлын цогц үйлчилгээтэй обьект болчихсон байдаг. Тэнд хүмүүс шатахуунаа авч байхдаа супермаркетаар үйлчлүүлж, цайны газарт орж, хүүхдийн тоглоомын газарт нь хүүхдүүд нь тоглох боломжтой. Машиных нь дугуйг янзалж байхад амралтын өрөөнд нь сонин, сэтгүүл уншаад сууж болно. Зүгээр л шатахуун түгээгүүрийн газар гэдэг чинь л мини центрүүд болчихсон. Хэд хэдэн газраар явж байхдаа аж ахуйн нэгжүүд өөрийнхөө орчин тойрны талбайгаа тохижуулж, гэрэлтүүлэг, чимэглэл хийсэн тохиолдолд тэр улиралдаа ч юм уу, тодорхой хэмжээний татвараас чөлөөлөгддөг гэж сонсож байсан. Ер нь Азийн хөгжилтэй гэгддэг орнуудад ийм хууль дүрэм их байдаг юм шиг байна лээ.  Манайхан болохоор энийг хот тохижуулах газар л хийх ёстой эсвэл манай захирал өөрийнхөө үзэмжээр хийвэл хийнэ биз гэсэн ойлголттой.  Гэтэл энэ нь төрийн бодлогын хэмжээнд байвал үр дүр нь хотын өнгө үзэмжиндээ ч тэр, аялал жуулчлалдаа ч тэр, эргээд хүндээ өмч болж үлдээд бүтээлч сэтгэлгээ нь их хөгжих байх л даа. Хэрвээ ингэж ажиллавал улс нуруун дээрээ ийм их ачаа үүрэх шаардлагагүй юм шиг надад санагддаг.
-Гадны улс оронд аялж явахдаа тэндхийн хүмүүсийг монголчуудтай харьцуулахаар ямар бодол төрдөг вэ? 
Ер нь төлөвшлийн тухай л юм бодогддог доо. Хүмүүс гэнэтхэн л өнөөдрөөс эхлээд бие биетэйгээ сайхан харьцая гээд нэг уриан доор төлөвшчихгүй л дээ. Шексперийн жүжигт тоглохын тулд хүнд хаягдаж, дурлаж, гомдож, ганцаардаж үзэх хэрэгтэй гэж нэг үг байдаг юм. Тэгж байж үнэн сэтгэлээсээ тоглож дүрээ үзэгчдэд хүргэнэ гэдэг. Уран бүтээлч хүн амьдралыг олон өнцөгөөс хардаг болоод ч тэр юм уу, ер нь гадагшаа дотогшоо явж боловсрол, соёл судлаад ирсэн хүмүүсийн юманд хандаж байгаа хандлага нь шал өөр. Яг бахь байрандаа байгаа хүмүүсийн хандлага бас өөр ажиглагддаг. Тэгэхээр монголчууд хорь, гучин жилийн дараагаас бие биетэйгээ сайхан харьцаж эхлэх байх. Яагаад гэвэл өнөөдөр дутуу гачуугийн бэрхшээл их байгаа учраас бие биедээ тэр нийгмийн стрессээ,  бухимдлаа гаргаад байгаа юм болов уу. Үнэхээр Монголд дутуу гачуугийн зовлон маш их байна. Хүмүүсийн хэрэглээнээс эхлээд, мэдлэг, боловсрол дутуу байна.  Баян хүний проблем ядуу хүнд проблем биш, харин ядуу хүнийх нь баянд нь проблем биш гэдэг. Тэгэхээр энэ хоёр чинь хоорондоо “хэрэлдээд” байгаа байхгүй юу. Хүн болгон ажилтай, мэдлэг боловсролтой, эд хөрөнгөтэй болоод ирэхийн цагт ганцхан юмны төлөө өрсөлддөг болно. Энэ бол нэр төр. Нэр төртэй явахын тулд хүмүүс бие биедээ хүнлэг сэтгэлээр хандах байх. Одоо өндөр хөгжилтэй орнуудад хүмүүс өнгө мөнгөний араас хөөцөлдлөхөөсөө илүү нэр төртэй амьдрахын төлөө зүтгэдэг болсон. Өнөөдөр харин манайд нэр төр гэдгийг уландаа гишгэчихсэн байна шүү дээ. Одоо л болж байвал эргээд миний тухай, үр хүүхдэд минь ярих юм юу үлдэх билээ гэж бодохоо огт байсан. Өнөөдөр зарим хүмүүсийн хувьд юун нэр төртэй манатай, идэх талх тариагаа хөөцөлдөөд, заримынх нь хувьд  ууж, идсэн мөнгөө нууж хаах гээд санаа зовохоо ч байсан. 
-Гадаадад явж байхдаа эх орныхоо тухай бодоод санаа алдалдаг гэж та хэлсэн. Яагаад ийм байна гээд өөртөө ганцхан ч гэсэн хариулт олж чадсан уу?
Хэцүү л дээ. Жар, далаад оны үед хүмүүс социалзмийн төлөө гэж амьдарч байсан. Харин одоо үед манайхан чин хүсэл, чин зорилгоо үгүй хийчихсэн юм шиг санагддаг. Яахав хаяж болно л доо. Сайхан байшин, гоё машинтай байя гэхээсээ илүү эх орноо хөгжүүлье гэдэг чин хүслээ гээчихсэн юм биш байгаа бид. Дээдэс нь ч адилхан, доодос нь ч адилхан. Төрийн албанд ажилладаг миний нэг найз эх орноо хөгжүүлье гээд мань мэт нь зүтгэхэд зарим хүмүүс хажуугаар шал өөр юм ярьж суудаг. Тэрний хүн, энэний хүн, тэр намын хүн гээд хаана хаанаа л хэцүү байдаг юм байна даа гэж хэлж байсан юм. Манай монголчууд гэрийн ахуйтай хүмүүс. Ээж нь хоолоо аягалаад адуундаа яваа аавд нь, эзгүй байгаа хүүдээ тавьдаг. Энэ гэрийн ахуй улс төрд байж болохгүй. Улс төрд энийгээ ингэчихэе, тэрийгээ өөд нь татъя гээд танилын хүрээнд ажил нь эргэлдээд ирэхээр буруу болж байна. Төрийн дуулал өглөө эгшиглэдэг байхад манай Монголд хүмүүсийг шөнө унтахад нь телевизүүдээр төрийн дуулал явдаг нь надад сонин санагдаад байдаг юм. Юу зүүдэл гэж хүмүүсээ төрийн дуулалаар унтуулж байгаа юм бэ?  Харин өглөө хүмүүсийг ажилдаа явахад автобус унаагаар төрийн дуулал нь эгшиглэж байвал өөр хэрэг шүү дээ.
-Яагаад ч юм танай продакшн монголчуудын төлөвшлийг тайзан дээр  тоглолтоороо гаргадаг юм шиг санагдаад явчихлаа, ингэж ойлгох нь зөв үү?
Хошин урлаг бол өөрөө нийгмийн толь. Хошин урлагийн хувьд гэвэл тайзан дээрхийг үзээд буянтай хүн инээж булхайтай хүн ичдэг. Бид нар хүмүүсийн хоорондын зан харьцааны байдлыг л үзүүлээд байгаа юм. Хүмүүс хадамтайгаа, хайрттайгаа, эх оронтойгоо, нийгэмтэйгээ ингэж харьцаж байна гэдгийг үзүүлж байна. Ер нь манайхны дунд байдаг ганц муухай юм бол бие биедээ атаархсан, нэгнийхээ дээр гарах гэсэн, уруу нь татах гэсэн зан. Ийм нэг гурвалжин ч юм уу, дөрвөлжин ч юм уу дүрсэн дотор л бид амьдраад байна шүү дээ. Үнэндээ атаа жөтөө бол дэлхийд хоцрогдсон зүйл. Чулуун зэвсгийн үед л хүмүүс барьсан олз, ангаа их идлээ, бага идлээ гэж булаацалддаг байсан байх. Одоо энэ зан хаягдвал хаягдахаар хугацаа өнгөрлөө шүү дээ. Хүн өөрт байгаа муухай зан аашаа тайзан дээрээс хараад эмзэглэдэг, харин өөрт байхгүй зүйлээ хараад инээдэг байхгүй юу.
 -Эргээд сэдэв рүүгээ оръё л доо. Танд олуулаа эсвэл цөөхүүл аялах нь дээр байдаг уу?
Ер нь олуулаа аялах дуртай. Гэр бүлээрээ эсвэл уран бүтээлчидтэйгээ аялах сайхан. Уран бүтээлч найз нартайгаа аялахад авах апетит нь их л дээ. Ядаж нэг юм хараад зэрэг орилоход сайхан ш дээ. Баахан бизнесменүүдтэй явж байгаад би гэнэтхэн урлагийн бүтээл хараад ганцаараа орилвол сонин биз дээ. Адилхан хүсэл, сонирхол зорилготой баг хамтдаа аялавал их үр дүнтэй юм шиг байгаа юм. Одоо Сингапурт, энд тэнд аялуулна гээд их зарладаг. Аялалын зорилго нь зүгээр л далайн эрэг дээр очно тэгээд цаашаа яах юм бүү мэд. Аялал ер нь бизнес аялал, соёл урлагийн аялал, зугаа цэнгээний аялал гэж тусдаа байх хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгж байж тэр багийн зорилго биелэх байх. Манайхан онгоцноос  буулаа зарим нь шууд дэлгүүр, зарим нь өөр тийшээ алга болно, нэг туган доор байж чадахгүй байгаа байхгүй юу. Аялалыг зохион байгуулж байгаа газрууд ингэж ангилж байвал зүгээр байх. Бас гэр бүлээрээ аялах дуртай. Тэр хэдтэйгээ аялахаар парк энэ тэр гээд олонхоо дагаад л явна даа. Эхнэр хүүхдүүдийнхээ баясаж баярлаж кайф авч байгааг хараад л би кайф авчихдаг.
-Аялалд дуртай хүний хувьд анх холын аялалд гарах гэж байгаа хүмүүст хаашаа явах нь зүгээр вэ гэдэг тал дээр тэдний төлөвлөгөөнд тус болохуйц зөвлөгөө өгөөч?
Гэр бүлээрээ аялж байгаа тохиолдолд амар тайваныг нь бодоод Хятад руу явах нь дээр байх. Сайхан шоппинг хийнэ, хүүхдүүдээ тоглуулна, тэгээд юмны үнэ нь гайгүй, ойрхон гээд зүгээр дажгүй ш дээ. Эсвэл Солонгос, Америкийн Дисней Лэнд рүү аялж болно. Бизнес аялалыг Япон, Америк хоёр руу хийвэл зүгээр юм уу гэж бодож байна.Тэнд хийгдэж байгаа маркетинг, менежмент нь ямар байна гээд сурах юм ихтэй. Тэд яагаад хөгжлийг толгойлоод байна гээд ер нь манлайлагчийг дагах хэрэгтэй л дээ. Урлаг соёлын аялал гэвэл мэдээж Европ. Үнэхээр сонгодог бас олон зуун жилийн түүхтэй сайхан театруудтай, үзэж харах юм маш ихтэй гэдэг утгаараа. Англи, Орос, Итали ч соёлын гайхамшиг ихтэй улсууд. Иймэрхүү газрууд их сонирхолтой санагддаг.
-Явж байсан газруудаас тань хамгийн гоё хот гэвэл?
Надад бол Лондон юм уу даа. Хүмүүс нь амар амгалан, амьдралын хэв маяг, цэцэрлэгүүд нь хүртэл сайхан. Би хоёр удаа очсон, дахиад очихыг хүсдэг.
-Та аялалаас ихэвчлэн юу авч ирдэг вэ? Таны цүнхэнд аль хэдийнэ орчихсон байдаг тэр л зүйл...
Мэдээж хүмүүсийн нэгэн адил дэлгүүр хоршоо орж эхнэр хүүхдэдээ юм авнаа. Гэхдээ би аялсан орноосоо заавал нэг дурсгалын юм авч ирдэг. Түүхэн юм уу сонгодог барилгуудыг дуурайлган хийсэн сувинер авдаг. Явсан орнуудынхаа тугийг бас их цуглуулна. Харин оюун санаандаа бол ихэнхдээ уран бүтээлтэйгээ холбоотой шинэ санаа шүүж, бас яг одоо тоглогдож байгаа жүжгүүдийн зохиолыг номын сангуудаас нь түүж авч ирдэг. Ер нь би гадаадад явахдаа их санаа алдаж явдаг даа. Ард юу байдаг вэ гэхээр эх орон л бодогдоод байдаг. Эх орон минь ингээд хөгжөөсэй, тийм цөөхөн ард түмнийг ингээд аваад явчихаж болохгүй л юм байх даа гээд... Дэлхийн томоохон нэг хот гэхэд л гурван сая такситай байхад Монгол маань хоёрхон сая гаран хүн амтай. Гэтэл яагаад ингээд хөгжиж болдоггүй юм бол гээд бүх юмны ард л санаа алдаж явдаг. Би харин бусад орны байгаль ч юм уу ямар ч үнэргүй мод, өвсийг хараад сэтгэл хөдөлдөггүй харин эх орноороо бахархах сэтгэл төрдөг шүү. Гэхдээ тэдний хөрсөн дээр бүтээсэн баялгийг хараад санаа алдалт бол харамгүй төрдөг. 
-Аялалд гарахад таны чемоданд байдаг хамгий чухал зүйл?
Хамгийн эхлээд надад бал хэрэгтэй. Балаараа би чинь хил дээр очоод юмнуудаа бөглөж өгнө шүү дээ. /инээв/
-Аялалд явж байхад тохиолдсон хөгжилтэй явдлуудаасаа яриач?
Ер нь л их шүүдээ. Бид нар Хятадад тоглолтоор явж байгаад цаашаа нэг хот руу нисэх боллоо л доо. Уран бүтээлчид нийлээд их олуулаа явж байсан юм. Тэгээд нисэх дээр нь ирээд бүх ачаагаа хиллүүлэх тавьсан чинь хятадаар нэг юм хэллээ шүү өөдөөс. Бүгдээрээ шоппинг хийгээд бас тоглолтын хувцас гээд нилээн ачаа байсан. Тэгэхээр нь англиар ярьдаг уу гээд асуусан чинь өөдөөс хятадаар л яриад байдаг. Өө бид нар тэгээд сандарчихсан. Энэ тэрүүгээр гүйгээд хятад хэл мэддэг хүн хайгаад. Бид нарыг гаргаж өгөөд буцсан нэг хүнээ эргэж утсаар дуудаад.  Нөгөө хүнээ ирэхээр нь гуйж дотогш нь оруулаад, тэгээд юу гээд байгааг нь асуусан чинь харин  “та нарыг ачаагаа нэг нэгээр нь тавьчих” л гэсэн байна ш дээ гэдэг байгаа. Ердөө тиймхэн юман дээр л бид нар чинь сандраад бөөн юм болсон.
-Та дотооддоо их аялж байсан гэсэн. Нисээгүй үед ихэвчлэн ланд крузерээр аялдаг гэж дээр хэлсэн. Аялал сайхан биз?
Монголынхоо өнцөг булан бүр рүү л явж байсан даа. Ер нь онгоцоор л их явдаг. Онгоцоор явж байхад нэг сайхан санагдсан юм нь жижиг онгоц, том онгоцны үйлчилгээ өөр байдаг гэсэн ойлголтыг эвдэж чадсан байсан шүү. Явж байхад яг л том онгоцонд байдаг шиг үйлчилгээ үзүүлж байгаад их баярлаж байлаа. Ер нь заавал орон нутгийн нислэг гэхээр нэг өөр түвшинд, гадаадын нислэг гэхээр бас өөр түвшинд байх ёсгүй шүү дээ. Манайд ийм юм байхгүй байгаад их баярлаж байсан. Америкийн дотоодын нислэг гэхэд л хэтэрхий чөлөөтэй ч юмуу, замбараагүй ч юм уу, хаашаа юм нэг л аймаар байдаг юм билээ. Жишээ нь манайд жуулчид гадаадаас ирээд шууд орон нутгийн нислэгийн онгоцонд суухад үйлчилгээ нь ялгагдахгүй түвшинд байвал тэр хүмүүсийн сэтгэл санаа хэвийн байх байх. Ер нь Азийн нислэгүүд үйлчилгээндээ их анхаардаг юм шиг дажгүй санагддаг.

-Та онгоцоор зорчихдоо яг л дүрсгүй хүүхэд шиг байдаг байхаа. Юу бодож явах уу?
Их сониуч зан л намайг ингэж хэлэхэд хүргэж байгаа л даа. /инээв/ Би онгоцоор нисэж явахдаа доошоо л хараад байдаг. Тээр доор будаа цацсан ч юм шиг,  сувд асгасан ч юм шиг цагаан гэрүүдийг хараад эсвэл замаар цуварч яваа машинуудыг хараад энэ доор явж байгаа хүн бүхэн нэг нэг зорилготой яваадаа гэж бодохоор их гоё санагддаг. Тэр доор байгаа монгол гэр болгонд амьдралын тухай, өнөөдөр, маргаашийн тухай яриа өрнөж ярьж байгаа даа гэж бодохоор их гоё. Онгоцны цонхоор доошоо хараад өөрийнхөөрөө романтикаар төсөөлдөг дөө.
-Таньтай олон зүйлийг талаар ярилцмаар байгаа хэдий ч тоглолт тань эхлэх цаг хэдийнэ болсон байна. Үнэтэй цаг хугацааанаас харамгүй гаргасанд баярлалаа. Урлагийн тэнгэр ивээж байх болтугай. Баяртай...
Тус продакшны залуу жүжигчин Билгүүн тоглолт эхлэх болчихлоо гэж орж ирснээр Бидний ярилцлага өндөрлөсөн юм. Н.Ариунболд ах ч тоглолтын цагаа болсныг анзааралгүй бидэнтэй ярилцан санаа бодлоо чөлөөтэй хуваалцсан юм.   






No comments:

Post a Comment