Ж.Лхамхүү гуайн аав, ээж малчин хүмүүс, тэрээр хөдөөний хүүхэд. Урлагт анх хөл тавьсан тухайгаа “Тэр үед хөдөө урлаг гээд байх юм юу байхав. Хааяа нэг кино очдог хүүхдүүд бидэнд тэрнийг үзэх завшаан тэр бүр олдохгүй шүү дээ. Харин миний аав, ээж их сайхан хоолойтой ялангуяа уртын дуу их сайхан дуулна. Тэр нь надад нөлөөлсөн юм уу эсвэл миний багын мөрөөдөл, зөн совин байсан юм уу, униндаа дээл хавчуулж байгаад л концерт тоглодог хүүхэд байсан. Түүнээс биш урлаг гэж юугаа ч мэдэхгүй жүжигчин болно гэж бодож ч байгаагүй дээ” хэмээн бидний яриа эхэлсэн юм.
Тэрээр 1959 онд аравдугаар ангиа төгсөөд кино драмын ангид хүүхэд шалгаж байна гэхээр нь очоод шалгалт өгөөд тэнцчихсэн юмсанж. Тэр үед Ванган, Цагааны Цэгмид, Галарид багш гээд мундагууд шалгалт авч байсан байна. Ванган гуай л АЖ Ж.Лхамхүү гуайг “энэ хөдөөний хүүхдийг авъя” гэж хэлснээр кино драмын ангид орж улмаар хоёрдугаар курст байхдаа “Гологдсон хүүхэн”-д тоглож урлагт анх хөл тавьжээ. “Гологдон хүүхэн”-ий пробонд тэнцээд Оюун багшийг үсээ тайруул гэхэд нь үсэндээ харамсан уйлж бөөн юм болж анх тоглож байсан түүнд Оюун багш “үс бол ургана харин чиний залуу нас үлдэнэ” гэж хэлж байсан нь одоо болтол түүний дотор хадаатай байдаг гэсэн.
Тэр үед шинэ жүжигчид төгсөөд л шууд театрт хуваарилагддаг байсан үе. 1963 онд төгсөөд Драмын театрт ороод алтан үеийн аваргуудтай тоглож эхэлсэн. Нэг азтай сайхан зүйл нь залуучууд цөөхөн тэгээд онолоор төгссөн хүн ч их цөөхөн байсан учраас театрт очоод л шууд гол дүрд ажиллана. Анхны дээд мэргэжилтэй жүжигчид алтан үеийнхний нөмөр нөөлгөн дор дөрвөөс таван жилд дөрөө олоод ирдэг байж. Түүнээс хойш тэрээр урлагт 14 жил ажиллаад “Гавъяат жүжигчин” боллоо. Тэр үед Цэдэнбал дарга гардуулдаг байжээ. Дарааа нь 31 дэх жилдээ “Ардын жүжигчин” гэсэн сайхан алдрыг төр засаг, ард олноосоо хүртэн үзэгч түмэн төдийгүй үй олон шавь нарынх нь магнай тэнийж баярын хур буужээ. Ингээд би түүнээс дараах хэдэн асуултанд хариулт авснаа та бүхэнд сийрүүлэн хүргэж байна.
-Ахмад жүжигчид алтан үеийнхний тухай ярихгүй өнгөрч чаддагүй. Тэдэнд авъяас, хөдөлмөрөөс гадна суралцах зүйл мэдээж их байсан биз ?
Бидний “алтан үеийнхэн” гэдэг тэр л хүмүүс бол жинхэнэ “монгол” амьдралаа мэддэг, маш их хөдөлмөрч, түүнээс гадна асар сайхан сэтгэлтэй, хүнд маш их юм хэлж өгдөг хүмүүс байсан, уран бүтээлч чанар нэвт шингэсэн хүмүүс мөн хариуцлагыг дээд зэргээр тооцно, Жүжигчин хүн нэг л удаа жүжгээс хоцроход л дагалдан болдог байлаа шүү дээ. Тэдний тийм зан чанараас л бид өөрсдийгөө дайчилж, зарчимч болж чаддаг байлаа. Гомбосүрэн, Оюун, Ванган багш нар чинь бидэнд хичээл зааж байхдаа ямар нэгэн буруу атмосфер, ямар нэгэн буруу бодлыг театрт оруулахгүйн төлөө зорьдог, сургадаг байсан. Тиймээс л алтан үе гэж нэрлэгдэхээс, ярихаас аргагүй хүмүүс юм даа. Тэд чинь дүр дээр мундаг дадлагатай, туршлагатай, маш нарийн судалгаатай ажиллана. Гадаадын зохиол бол илүү ажиллагаа орно. Гомбосүрэн гуай гэхэд л Шекспирийн таван трагедияг бүгдийг тоглосон байх жишээтэй. Сонгодог жүжгийг театр урын сангаа баяжуулахаас гадна жүжигчдийнхээ ур чадварыг дээшлүүлэх гэж тавьдаг. Сонгодог жүжигт биднийг тоглоход Долгорсүрэн багш “сонгодог жүжиг гэдэг чинь ахуй байдлын драмаас шал өөр, өөрийн тоглох арга барилтай байдаг юм шүү” гэж хэлж байсан. Жаахан өргөлттэй тоглохгүй бол дэндүү энгийн болно гэдэг байсан л даа. Одоо бол нийгэм өөрчлөгдөөд өөр өөрөөр жүжгийг тавьдаг болж байна. Жишээ нь сая театр “Эдип хаан” жүжгийн тайз заслыг монгол гэрийн тооно хийгээд л тавьж байна. Энэ чинь одоо үедээ бол зөвшөөрөгдөж л байгаа хэрэг шүү дээ.
-Урлагийн хүмүүсийг аливаад их уян сэтгэлээр ханддаг уйлахад ойрхон хүмүүс юмуу гэж боддог. Урлаг хүнийг зөөллөдөг юм уу, зөөлөн хүмүүс урлаг руу тэмүүлдэг юм бол уу?
-Ер нь урлагийн хүмүүс сайхан сэтгэлтэй байх ёстой гэж би боддог. Сайхан сэтгэлтэй байж, муу юмыг уучилж чаддаг байж л ээж, аав, эгч дүүс, хайр сэтгэлтэй хүмүүс болж тоглож чадна шүү дээ. Уг ажил нь хүнийг зөөллөдөг хатуу сэтгэлтэй байлгахыг нь больдог юм. Жүжигчин хүнд сэтгэл хөдлөлийг бүр цаанаас нь суулгаж өгөх хэрэгтэй л дээ. Алдарт Станнивлаский "жүжигчин хүн бол найруулагчийн өмнө барималын шавар шиг байх ёстой” гэж хэлсэн байдаг юм. Тэр барималын шавраар найруулагч юугаа хийнэ дур шүү дээ. Тэгэхээр жүжигчин хүн биеийн хувьд ч сэтгэхүйн хувьд ч уян хатан байх ёстой болдог. Энэ нь амьдрал дээр ч хүнийг зөөлөн болгодог гэж л би боддог.
- Тоглолтын деталь хэсгүүдийг өдөр тутмын амьдралаас ажиглалт хийж түүдэг үү?
-Өө тэгэлгүй яахав. Үргэлж, өдөр тутам ажиглалт хийж явна. Дээрээс нь нийгмээ маш сайн мэдрэх хэрэг гарна. Одоо энэ хошин шогийнхон нийгмээ мэдэрч чадаж байна шүү дээ. Тэгээд улс төр, түүхээ мэддэг байх, этнографийн тухай мэддэг байх гээд л их юм судлах шаардлагатай болно. Нэг хөгтэй явдал яръя. Манай Гантөмөр “Түмний нэг” киноны Чинбатын дүрд тоглох гээд л амьдрал судлах болж. Тэгээд нисэх ороод нэг жижиг онгоцонд хоёр нисэгчийнх нь хооронд суугаад сүрхий хөөрч л дээ. Тэгтэл жаахан нисэж байгаад л нөгөө хоёр нисгэгч “годройтоно” л гэж гэнэ. Тэгтэл ч байхгүй хэд эргэж хөрвөөд л явчихдаг юм байна. Нөгөө Гантөмөр чинь юун амьдрал, дүр судлах хувин тэврээд л бөөн юм болж. Тэгээд онгоцноос хоёр талаасаа сугадуулчихсан хамаг нус, нулимс нь гоожчихсон юм бууж ирсэн гэж байгаа. Тэгсэн ч гэсэн Гантөмөр тэндээс ямар нэгэн юмтай л бууж ирж байгаа байхгүй юу. Ер нь хүнийг нүднээс нь эхэлж судалдаг. Тэр нүдэн дотор баяр байна уу, гуниг байна уу гээд л... Заримдаа түүнийг чинь цааш нь фантазлаад л бодож гарна шүү дээ.
- Ж.Лхамхүү гэдэг хүний дэлгэцэнд бүтээсэн зарим дүрүүд их хямсгар, сээхэлзүүр ч гэх юм уу “сүрхий” эмэгтэй байдаг. Та өөрөө ямар зан ааштай вэ?
-Би чинь дандаа эерэг дүрд тоглодог байлаа. “Гарын таван хуруу”-ны Сүрэнгийн дүрд тоглож байхад зрителийн уйлж байгаа нь шуухитнаад л сонсогддог байсан. Тэгсэн нэг удаа Чимид гуайн бичсэн нэг зохиол байсан юм. Тэрийг Мөнхдорж найруулсан юм, тэр дүрд тоглосоноос хойш л Лхамхүү чи эсрэг талын дүрд тоглочихмоор харагдаад байна гэлээ. Би ч тэр дүрд нь тоглосон юм. Түүнээс хойш л тиймэрхүү дүр өгөөд байдаг болсон. Анхны тэр дүр маань их сайн болсон. “Буурай аав” жүжгийн Цэрмаагий дүрээр Буриадын театрт очиж тэдэнтэй хамтарч тоглож байлаа. Дараа нь “Жаргал даахгүйн зовлон” киноны хөдөлмөрийн баатарынх нь дүрд проб авах гэж байтал Жигжид гуай нэг өдөр намайг “чи энэ Дариймаад нь тогло” гэдэг юм байна. Би чадахгүй гээд, харин Жигжид гуай чи чадмаар харагдаад байна гээд болдоггүй. Тэгээд надад тэр дүрийг өгсөн. Ер нь жүжигчин хүн аль ч дүрийг гаргаж чаддаг байх хэрэгтэй л дээ. Тэгэхээр өөр дүр өгөөд ирэхээр надаас бас өөр юм гарч байгаа байхгүй юу. Сэтгэлзүйн дүрүүд бол миний үндсэн жанр л даа. Харин зан чанарын хувьд бол би өөрийгөө дайчин, шургуу аливаа юмны цаана гардаг гэж боддог. Хамт ажилладаг хүмүүс маань ч тэгж хэлдэг юм.
-Та бүтээсэн дүрүүдээсээ хүмүүсээс өмөөрдөг дүр байна уу?
-Урлаг чинь өөрөө нийгмийн толь. Жүжигчин хүн ч нийгмийн толь. Нийгэм дотор байгаа юмыг л бид уран сайхны аргаар үзүүлдэг. Жишээ нь “Эзэнгүй айл” олон ангит кино байна. “Эзэнгүй айл”-ын Цэндийг чинь хүмүүс эсрэг дүр гээд байгаа юм. Миний тэр дүр чинь эсрэг дүр биш. Амьдрал аваад явч чадах хүнтэй охиноо суулгана гээд байгаа тэр юм чинь нийгэмд байгаа зүйл. Би энэ дүрээ өмөөрдөг юм. Хүмүүс шуналтай энэ тэр гээд янз янзаар л хэлдэг. Охиноо ямар ч амьдрах чадваргүй юмтай суулгачихаад энэ яасан ч яахав дээ гээд навсайгаад явж байхыг хүсдэг эх хүн гэж байдаг юм уу?
-Дурсах юмтай амьдрах сайхан. Урлагт та одоогоор 45 жилээ зориулжээ. Өөрийгөө сайшаасан бас зэмлэсэн юм юу байх юм?
-Би хамгийн эхлээд урлагийн хүн болсноороо бахархдаг. Миний амьдралд янз янзын л юм тохиолдож байсан. Уйтгар гуниг ч байлаа, баяр жаргал ч байлаа. Энэ бүхнийг би урлагийн хүний болсныхоо хүчээр л даван туулсан. Бусад хүн даван туулдаггүй гэж байгаа юм биш л дээ. Гэхдээ урлагийн хүн урлаг дотроо хагсарч өөрийгөө үргэлж ялж сурдаг. Чи өнөөдөр театрын хаалгаар голошоо гадна тайлж орж ир гэдэг үг манай урлагт байдаг. Тэгэхээр тэр сэтгэлийнхээ хир буртагийг гадна нь ариусгаж орж ирнэ гэсэн үг. Гэхдээ хүн гэдэг он жилүүд улирах тусам би илүү эрт ухаарах юм бас байсан юм байна гэж бодох юм байна. Залуу насанд зарим юмыг анзааралгүй өнгөрөөсөн тал байдаг байх л даа. Би ер нь багадаа жаахан чинээлэг айлын, ээж аавдаа эрх хүүхэд байсан. Театрынхан дотроо ч эрх. Тийм болоод ч тэрүү өөрийнхөөрөө юмаа хийдэг байсан учраас нэг их зэмлэсэн юм надад бодогдохгүй байна. Би жаахан бардам юм байна лээ. Би өөрийгөө мэддэггүй байсан юм. Сүхбаатарын Янжмаад тоглодог гавъяат Ренчинноров багш маань Лхамхүү их гордый гэдэг байсан юм. Би чинь хөдөөний хүүхэд болохоор тэрийгээ мэдэхгүй шүү дээ. Хүнд тэгж л харагддаг юм билээ. Хүн гаднаас харахад би их зантай юм шиг мөртөө ойртохоор зүгээр л хүн шүү дээ. Яахав би илүү өөртөө итгэлтэй гэж өөрийгөө боддог юм. Өөртөө итгэлтэй зан маань юмыг ямараар ч хийж болно тэрийгээ хамгаалж чаддаг байх хэрэгтэй гэдэг дээр л зогсдог доо.
-Урлаг таныг ийм цэмцгэр болгосон юм уу, уг чанар чинь юм уу?
-Миний ээж, аав биеэ сайхан авч явахыг маш их сургадаг байсан. Суухыг, идэж уухыг хүртэл заадаг байлаа. Хэдийгээр хөдөөний малчин ч гэсэн уламжилж ирсэн монгол ахуйн соёл байна түүн дээрээс урлаг гэдэг маань хүнийг цэмцгэр байхыг өөрөө заадаг эд. Манай алтан үеийхэн “хүн та нараас үлгэрлэж байх ёстой” гэж сургадаг байлаа шүү дээ. Одоо чинь хүмүүс дэлхий даяараа их гоё болсон байна. Тэр үед чинь урлагийн хүмүүс содон байлаа. Улсууд ч бүх талаараа биднийг дууриадаг байсан.
-Танд тоглосон дүрдээ “орчихоод” гарч чадахгүй байсан үе байсан уу?
-Дүрдээ орчихоод тэр дүрээсээ гарч чадахгүй байхыг чинь харин өөрийн биеэрээ мэдэрсэн шүү. Манайх тэр үед баруун дөрвөн замд байдаг байлаа. Тэгээд “Гарын таван хуруу” жүжигт тоглочихоод төв холбооны өмнүүр явж байсан чинь нөгөө жүжгийнхээ дүрийн сэтгэлийн тээш ачаанаас бүр салж чаддаггүй. Уйтгар гэдэг ч юмуу нэг сонин болоод тэр чигээрээ явсаар байгаад гэртээ орж ирээд сая нэг гарч байсан удаа бий. Ер нь жүжигчин хүнд тиймэрхүү юм тохиолддог.
-Таны уг чанартай зөрчилдөнө ч гэдэг юм уу, зовоож бүтээсэн дүрийнхээ тухай?
-Би Чеховын нэг жүжгийн дүрийг их зовж босгож байсан. Үнэхээр агуу хүмүүс чинь хэдэн зууныг түрүүлж хараад биччихсэн байдаг. Тэр жүжгийн Арановскийн дүрийг нэлээн чардайж байж босгосон юм. Тухайн үед амьдралын зовлон үзсэн хэцүү ч үе байсан даа. Гэхдээ Чеховыг ойлгоход хэцүү харин ойлгоод тоглоод ирэхээр их гоё шүү. Тэр дүр маань сүүлд нь сайн бүтээл болсон л доо.
-Одоо та СУИС-д багшилж байгаа. Залуу үеийн жүжигчдэд хичээл зааж байхад та нарын үеэс онцлог тал нь юу байх юм?
-Нийгэм хөгжөөд ирэхээр жүжигчдийн сэтгэхүй дагаад маш хурдтай хөгжиж байгаа нь ажиглагдаж байна. Одоо энэ хошин шогийнхныг хар л даа. Нэгийг хийж дуусгаад л дахиад нэгийг үргэлжлүүлээд л хийж байна. Бидний үед чинь театрт жилд гурваас дөрвөн л бүтээл тавьдаг байлаа. Хамгийн гол нь чанартай сайн бүтээл хийнэ гэдэг. Дөрөв болохоор чанаргүй бүтээл гарна гээд гурав болгож байсан ч удаа бий. Бид чинь нэг үгийн цаана ямар утга санаа байна гэдгийг хүртэл судалж мундаг ажилладаг байлаа. Одоогийн хүмүүсийн ойлгоц нь түргэн болсон ч юмуу уран бүтээл хурдан бүтдэг болсон. Гэхдээ одоо ч гэсэн Драмын театр бол чамбай шүү дээ. Харин өнөөдөр манайд инээдмийн урлаг яагаад илүү хөгжөөд байгаа юм шиг харагдаад байна гэхээр энэ нийгэм чинь өөрөө тэр чигээрээ “инээдэм” болчихсон байгаатай л холбоотой. Залуу жүжигчид тэрийг олж харж мэдэрч чадаж байгаа нь сайн л хэрэг.
-Хааяа гудамжаар яваад ч юмуу, амьдарч байгаа нийгмийнхээ тухай бодохоор эмзэглэх юм уу?
-Эмзэглэх юм байлгүй яахав. Би тэр долдугаар сарын нэгний үйл явдлыг телевизээр хараад маш их эмзэглэж бүр уйлсан. Өнөөдөр яагаад Монгол хүмүүсийн сэтгэхүй ийм болтлоо дордов оо? гэж бодлоо. Ядамсүрэн гуайн бараг дэлхийд ховор тэр зургийг дундуур цуулаад хаясан байхыг хараад бүр хэлэх үг олдоогүй. Гудамжны хүүхдүүд гэж нэрлэдэг хүүхдүүд гээд л эмзэглэх юм өчнөөн байна шүү дээ. Гэхдээ манай залуучууд маш хөдөлмөрч болсон нь сайхан санагддаг. Нийгмийг тэргүүлж байгаа олон сайхан залуучууд байнаа.
- Яриагаа та урлагт юу өгөв, бас юу авав гэдэг асуултаар өндөрлөмөөр санагдлаа?
-Урлагт би үнэн сэтгэлээ өгсөн. Урлагаас би маш их зүйлийг авсан, үүнийг энд хэлж барахгүй. “Чи урлагт байгаа өөрийгөө битгий хөгжүүл, өөрт байгаа урлагаа хөгжүүл” гэж Станнивлаский хэлсэн байдаг юм. Тийм учраас бид чинь өөрт байгаа урлагаа хөгжүүлэх ёстой хүмүүс. Эндээс л жүжигчний ур чадвар харагдана даа.
-Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Олон авъяаслаг шавь төрүүлээрэй.
...гэснээр бидний яриа өндөрлөн Ардын жүжигчин Ж.Лхамхүү гуай ч хичээлдээ орохоор эргэлээ.
No comments:
Post a Comment